Tuesday, August 25, 2009

Дүрэм журам

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ЭМШУИС-ийн оюутны суралцах үйл ажиллагааг тэдний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, сургалтын шат дараалсан тасралтгүй байдлыг хангах, шилжилт хөдөлгөөний эрх зүйн орчныг бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2. Оюутныг сургалтаас түр болон бүрмөсөн чөлөөлөх, улираах, түр чөлөөнөөс эргэн суралцуулах, үргэлжлүүлэн суралцуулах, сургуулиас гаргах тухай асуудлыг шийдвэрлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.3. Оюутан хүндэтгэх шалтгааны улмаас 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөөлөгдвөл Оюутны албаны декан, тэнхмийн эрхлэгчтэй зөвлөлдөн хугацааг тусгайлан зааж чөлөөг бичгээр өгнө.
1.4. Оюутныг сургалтаас түр чөлөөлөх, дамжаа улираах, түр чөлөөнөөс эргэн суралцуулах, үргэлжлүүлэн суралцуулах, сургуулиас гаргах, бүрмөсөн чөлөөлөх тухай холбогдох материалыг оюутны албаны декан боловсруулж, бүрэлдэхүүн сургуулийн захиралд танилцуулж, их сургуулийн захирлын тушаалаар эцэслэн шийдвэрлэнэ.
1.5. Элсэлтийн уралдаант шалгалтын онооны дарааллаар анх сонгосон мэргэжлийг солихгүй.



Хоёр. Оюутныг сургалтаас түр чөлөөлөх тухай

2.1. Эрүүл мэнд, ар гэрийн гачигдал болон, бусад хүндэтгэх шалтгааныг үндэслэн зөвхөн шалгалт, шүүлгийн тооцоогүй оюутанд сургалтаас түр чөлөө олгоно.
2.2. Түр чөлөө авах тухай хүсэлтийг оюутан өөрөө Оюутны албанд хандаж бичгээр гаргана.
2.3. Өргөдөлд түр чөлөө авах зөвшөөрөл, шалтгааныг нотлох холбогдох бичиг баримтыг хавсаргана.
2.4. Түр чөлөөний хугацаа нэг жил байна.
2.5. Оюутан сургалтаас түр чөлөөлөгдөхөд дор дурдсан шалтгаан, баримт бичгийг үндэс болгоно. Үүнд:
а) Биеийн эрүүл мэндийн улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх тухай эмнэлгийн албан ёсны шийдвэр, магадлагаа
б) Ар гэрийн онцгой гачигдалтай байдлыг магадлах орон нутгийн болон сум, хороо, дүүргийн Засаг даргын тодорхойлолт болон холбогдох бусад бичиг баримт
в) Жирэмсний болон хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах, өсгөх шалтгааныг тодорхойлсон эмнэлгийн албан ёсны бичиг, баримт
г) Олимп, дэлхий, тивийн болон олон улс, улсын чанартай тэмцээн, уралдаанд бэлтгэх, оролцуулах тухай хугацааг тусгайлан заасан холбогдох дээд байгууллагын албан ёсны шийдвэр
д) Цэргийн жинхэнэ алба хаалгах тухай цэрэг татлагын комиссын шийдвэр
2.6. Энэ журмын *ДОЛОО* дугаар заалтанд хамаарагдах оюутанд түр чөлөө олгохгүй.

Гурав. Улираан суралцуулах тухай

3.1. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлийн хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангаагүй оюутныг дараах тохиолдолд дахин суралцуулах зорилгоор захиргааны санаачлагаар нэг жилээр улираан суралцуулна.
3.1.1. Оюутан авбал зохих рейтинг үнэлгээ болон кредит цагаа биелүүлж чадаагүй, лекц дадлагын хичээлийн 20-иос дээш хувьд суугаагүй, тухайн улиралд нөхөн суралцах боломжгүйг тодорхойлсон холбогдох тэнхимийн хурлын протоколыг үндэслэн,
3.1.2. Зуны дадлагыг удирдамжийн дагуу хийгээгүй, тайлан хамгаалалтанд хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй, хангалтгүй үнэлгээ авсаныг нотлох Сургалтын албаны албан ёсны баримтыг үндэслэн

3.1.3. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд заагдсан хичээлийн зөрүүг тогтоосон хугацаанд нөхөөгүй, холбогдох шалгалтыг өгөөгүй,
3.1.4. ТЗЭШ-I шалгалтыг 2 дахь удаагаа өгч чадаагүй,
3.1.5. ТЗЭШ-II, III шалгалтыг өгч чадаагүй,
3.1.6. Дадлагажигч эмчийн сургалтын шалгалтанд 2 удаа F үнэлгээ авсан бол,
3.2. Ерөнхий суурь хичээлүүдийн шалгалтын дундаж оноо
70 хувиас дээш тохиолдолд анги дэвшин суралцана.
Хэрэв 70-аас доош бол улиран суралцана.

Дөрөв. Түр чөлөөнөөс эргэн суралцах

4.1. Сургалтаас түр чөлөөлөгдсөн оюутан чөлөөний хугацаагаа дуусмагц үргэлжлүүлэн суралцах хүсэлтээ Оюутны албанд бичгээр гаргана.
4.2. Гадаад, дотоодын ижил мэргэжлийн их, дээд сургууль, коллеж, бусад сургуулиас шилжин ирж байгаа оюутныг холбогдох дүрэм, журам, сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийн зөрүүг үндэслэн тухайн мэргэжлийн зохих дамжаанд хувийн төлбөртэйгээр суралцуулна.

Тав. Хичээлд нөхөн суух

5.1. Энэ журмын “Гурав” дугаар хэсэгт заасны дагуу улиран суралцсан оюутан хөтөлбөрийн шаардлага хангаагүй хичээлд төлбөртэйгээр нөхөн суралцана.
5.2. Оюутан үл тооцов үнэлгээ авсан хичээлээ төлбөртэйгээр нөхөн суралцаж тооцов үнэлгээ авсан тохиолдолд шалгалтанд орох боломжтой.
5.3. Тухайн хичээлийн лекц, дадлагын нийт цагийн 20-иос доош хувьд хүндэтгэх шалтгаанаар суугаагүй оюутнууд Оюутны албаны деканы зөвшөөрлөөр нөхөн суралцана.
5.4. Тухайн хичээлийн лекц, дадлагын нийт цагийн 20-иос доош хувьд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй бол төлбөртэйгээр нөхөн суралцана.
5.5. Хичээл нөхөлтийг Оюутны албаны декан холбогдох тэнхмийн эрхлэгчтэй зөвшилцөж, зөвшөөрлийг бичгэөр өгнө.
5.6. Хичээл нөхөлтийн төлбөрийг их сургуулийн кассанд тушааж, баримтыг хичээл нөхөх багшид өгнө.

Зургаа.Үргэлжлүүлэн суралцуулах тухай

6.1. Тус сургуульд суралцаж байгаад түр чөлөө аваад тогтоосон хугацаандаа ирж суралцаагүй болон сурлагаас бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн, гадаад, дотоодын ижил мэргэжлийн их, дээд сургууль, коллеж, бусад сургуулиас шилжин ирсэн суралцагчдыг “үргэлжүүлэн суралцагч” гэж нэрлэнэ.
6.2. Сургалтаас бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн үргэлжлүүлэн суралцагч өмнө нь сурч байсан сургуулиасаа чөлөөлөгдсөнөөс хойш 3 жилийн дотор тухайн үед өөрийн сурч байсан мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах эрхтэй ба энэ тухай хүсэлтээ их сургуулийн захиргаанд бичгээр гаргана.
6.3. Өргөдөлд шаардлагатай бичиг баримтыг хавсаргана.
6.4. Үргэлжлүүлэн суралцахаар ирүүлсэн өргөдөл, холбогдох материалыг (тухайн сургуульд элссэн, сургуулиас чөлөөлөгдсөн тухай тушаал, сурлагын дэвтэр, дүнгийн хуулбар, ажил байдлын тодорхойлолт болон бусад) Оюутны албаны декан нарийвчлан судалж, их сургуулийн захирал, боловсрол эрхэлсэн дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад танилцуулж үргэлжлүүлэн суралцах тухай шийдвэр гаргуулж, их сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
6.5. Өмнө нь сурч байгаад чөлөөлөгдсөн дамжаандаа үргэлжлүүлэн суралцах шийдвэр гарвал сургалтын хөтөлбөрийн хичээлийн зөрүүг гаргаж, тооцоо дууссан тохиолдолд тухайн дамжаанд суралцах болзол биелүүлсэн гэж үзнэ.
6.6. Үргэлжлүүлэн суралцагч нь өөрийн сайн дурын үндсэн дээр 500000-аас доошгүй төгрөгний хандив, тусламжийг ЭМШУИС-ийн “Сургууль хөгжүүлэх сан”-д оруулна.
6.7. Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоосон хугацаанд их сургуулийн зохих дансанд хийнэ.
6.8. Хандив, тусламж, сургалтын төлбөрийг их сургуулийн зохих дансанд тушаасан санхүүгийн баримтыг үндэслэн үргэлжлүүлэн суралцах тухай албан ёсны зөвшөөрөл олгоно.
6.9. Үргэлжлүүлэн суралцагч нь бусад оюутны нэгэн адил “ЭМШУИС-д оюутан сургах тухай гэрээ” хийж, түүнийг мөрдлөгө болгоно.
6.10. Сургалтын төрийн сангийн зээлийн хязгаартай уялдуулан үргэлжүүлэн суралцагчдад сургалтын төрийн сангийн зээл олгохгүй ба сургалтын төлбөртэй холбоотой бусад хөнгөлөлт үзүүлэхгүй.
6.11. Үргэлжлүүлэн суралцагч нь оюутны шилжилт хөдөлгөөний журмын дагуу сургуулиасаа гарах буюу бүрмөсөн чөлөөлөгдвөл хандив, тусламж, сургалтын төлбөрийг эргүүлж олгохгүй.
6.12. Гадаад, дотоодын ижил мэргэжлийн их, дээд сургууль, коллеж болон бусад сургуулиас шилжин суралцаж байгаа оюутанд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт заагдсан хичээлийн зөрүү кредитийг төлбөртэйгээр нөхөж зохих дамжаанд суралцах боломж олгоно.
6.13. Сургалтын хөтөлбөрийн хичээлийн зөрүүг төлбөртэйгээр нөхөхийг тушаалаар баталгаажуулна.
6.14. Хичээлийн зөрүү кредитийг нөхөн суралцаж тооцоогүй болсон оюутан зохих шалгалтуудыг өгнө.
6.15. Хичээлийн зөрүү, кредитийг нөхөх, шалгалт болон блокийн шалгалтын тооцоог зөвхөн тухайн хичээлийн жилийн хагаст багтааж дуусгана.

Долоо. Сургуулиас гаргах тухай

7.1. Дор дурдсан тохиолдолд оюутныг цаашид суралцах чадваргүй хэмээн үзэж сургуулиас сурлагаар гаргана.
а) Суралцах хугацаандаа нийт 7 хичээлд буюу 5 блокийн шалгалтанд F дүнтэй шалгагдса
б) Нэг улиралд 3 хичээлд буюу 2 блокийн шалгалтанд F дүнтэй шалгагдсан
в) Нэг хичээлд болон 1 блокийн шалгалтанд 2 удаа F дүнтэй шалгагдсан
г) ТЗЭШ- I, II, III шалгалтанд 3 удаа D, F дүнтэй шалгагдсан
д) Хүндэтгэх шалтгаангүйгээр хуваарьт болон дахин шалгалтуудыг тогтоосон хугацаанд өгөөгүй
7.2. Дараах тохиолдолд оюутныг сургуулиас гаргана.
а) “ЭМШУИС-д оюутан сургах гэрээ”-нд заасан хугацаанд сургалтын төлбөрийг бүрэн төлөөгүй
б) Түр чөлөөний хугацаанаас 30-аас дээш хоног хожимдсон
в) Энэ журмын “ХОЁР” дугаар хэсгийн 4 в заалтаас бусад тохиолдолд суралцах хугацаандаа 3-аас дээш жил сургалтаас завсардсан бол шалтгаан харгалзахгүйгээр
г) Албан ёсны зөвшөөрөлгүй 10 хоногоос дээш хугацаагаар сургалтаас завсардсан
д) Биеийн эрүүл мэндийн байдлаас цаашид суралцах боломжгүй тухай эмнэлгийн албан ёсны шийдвэр, магадлагаа
е) Өөрөө сайн дураараа хүсэлт гаргасан

Найм. Сургуулиас бүрмөсөн чөлөөлөх тухай

8.1. Дор дурдсан тохиолдолд ЭМШУИС-ийн оюутан байх боломжгүй гэж үзэж сургуулиас бүрмөсөн чөлөөлнө.
а) Их сургуулийн хичээлийн болон оюутны дотуур байр, сургалтын бааз эмнэлгүүдийн дотоод дүрэм, журмыг ноцтой зөрчсөн
б) Эрүүгийн болон иргэний гэмт хэрэгт холбогдолтой нь шүүхийн байгууллагаар тогтоогдсон
в) Бичиг баримтад (Оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр, шалгалтын хуудас, бусад) дур мэдэн засвар ба нэмэлт бичилт хийж хууран мэхэлсэн
8.2. Сургуулиас бүрмөсөн чөлөөлөгдсөн оюутныг үргэлжлүүлэн суралцуулах тухай асуудлыг зөвхөн элсэлтийн уралдаант шалгалтын журмаар шийдвэрлэнэ.


No comments:

Post a Comment